2015-05-13
"Эмч нарын буруугаас болж нялх үрдээ ангир уургаа амсуулж чадалгүй өөд болчихлоо.
uynga
"Эмч нарын буруугаас болж нялх үрдээ ангир уургаа амсуулж чадалгүй өөд болчихлоо" Түгээх -ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД АРВАНХОЁРДУГААР САРЫН 31-НД ЭХИЙН ЭНДЭГДЭЛ ГАРЧЭЭ- "Охин минь төрөхийн орон дээр хэвтэж байхдаа над руу залгасан. Сул дуугаар ээжээ охин нь хөөрхөн охинтой болчихлоо. Охиноо харсан чинь өөрийн мэдэлгүй уйлчихлаа. Та намайг гаргаж байхдаа бас уйлж байсан уу. Одоо бие зүгээр ээ. Эмч хүнд үеийнхээ ард гарчихсан шүү гэж байна. Та сандарч гүйгээд байвал зүрх чинь тэсэхгүй шүү" хэмээн утсаар ярьсан. Тэр үед бүх юмныхаа ард гарч байгаа юм шиг сайхан санагдаж байлаа. Гэтэл одоо бурхныхаа урд зургийг нь Тавьж, зул өргөөд алгын чинээ хүүхдийг нь сүүгээр угжаад л сууж байна. Охины минь үргэлжлэл юм даа. Энэ улаан амьтнаар хүн хийгээд авчих юмсан" хэмээн Сонгинохайрхан дүүргийн X хорооны иргэн Н.Нарангэрэл гуай уйлаад сууж байна. Түүний охины Г.Оюунсувд шинэ оны босгон дээр буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдөр төрөхийн хүндрэлийн улмаас амиа алдсан юм. Монголын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч, ажилтнууд ажилдаа хайнга хандаж, буруу тогтолцоогоор ажиллаж байгаагаас болж 21 настай ээж биенээс нь ургаж хүн болсон улаан нялзрай охиндоо ангир шаргал уургаа амсуулж ч чадалгүй нартаас буцлаа хэмээн түүний ар гэрийнхэн ярьж байв. Эхийн эндэгдэл юунаас болж гарсан талаар талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн ийм мэдээлэл өгсөн юм. II ТӨРӨХИЙН ЭМЧ: ЗҮГЭЭР БАЙХАД ЮУНД НЬ СҮРЖИГНЭЭД БАЙДАГ ЮМ Г.Оюунсувд жирэмсэн болоод л дүүргийнхээ эмнэлэгт хяналтад орсон юм байна. Жирэмсэн болоод сар гаруйн дараа л Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хүүхэд гаргаж болох талаарх бүх шинжилгээ оношилгоог хийлгэжээ. Шинжилгээгээр бүх эд эрхтэн эрүүл саруул хүүхэд төрүүлэх боломжтой гэх эмчийн дүгнэлт гарчээ. Жирэмсэн болсноосоо хойш сар бүр эмчийн хяналтад орж удаа дараа шинжилгээ хийлгэсэн байна. Хувийн эмнэлгүүдээр зарим нэг шинжилгээг нь өгдөг байсан юм байна. Ийнхүү 20 гаруй хоногийн дараа төрнө хэмээн хөл хөөрцөг болж байтал гэнэт ус нь гарч эхэлсэн гэнэ. Үүнийг мэдэнгүүтээ түргэн дуудаж, шууд II төрөх эмнэлэгт хэвтэх бичигтэйгээр хүргэгдэж иржээ. Гэтэл тус эмнэлгийн эмч "Бие нь зүв зүгээр байна. Төрөх цагтаа ирж төр. Зүгээр байхад юунд нь сүржигнээд байдаг юм" хэмээн буцаажээ. Гэвч хоёр хоногийн турш ус нь бага багаар гарсаар байсан учир дахин эмнэлэгт очиж үзүүлжээ. Мөн л эмч нар нь "Зүгээр байна" хэмээн явуулах гэтэл зөвлөх Оюун гэдэг эмч үзээд бие нь хүнд байгааг хэлж, шууд л сэхээн амьдруулах тасагт хэвтүүлэн эмчилжээ. Тус эмнэлгийн эмч нар нарийвчлан үзээд хэвлий дэх ус нь их гарснаас болоод ураг бүтэлттэй байгааг мэджээ. Ингээд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд яаралтай шилжүүлэн хэвтүүлсэн байна. Улмаар мэс засалд яаралтай орж кесарево хийлгэх болжээ. Эмч нар ар гэрийнхэнд нь Г.Оюунсувдыг "Цус багадалттай юм байна. Мэс ажилбар хүндэрвэл ээж, хүүхэд хоёрын амь үрэгдэж магадгүй" хэмээн тайлбарлаад мэс ажилбарт өнгөрсөн сарын 26-нд оруулжээ. Кесарево ч амжилттай болж, 2,5 килограмм жинтэй охинтой болсон юм. НАЙМАН УДАА ШИНЖИЛГЭЭ ӨГӨХӨД ЭРҮҮЛ ГЭСЭН Ч ШИНЖЭЭЧИД ЗҮРХНИЙ ЦООРОЛТОЙ, ЭЛЭГ НЬ УСТСАН ХЭМЭЭН ОНОШИЛСОН Эмчлэгч эмч ар гэрийнхэнд нь "Аюултай зүйлс ард үлдсэн айх зүйлгүй" гэж хэлж байжээ. Түүний ар гэрийнхэн мэс засалд орсон эмч нарын гарыг хүндрүүлж чадаагүй аж. Үүнээс болсон уу, эмч нар нь байсхийгээд л ирж "Уулзахгүй яагаад алга болоод байна" гэж биеийнх нь байдлыг танилцуулж байсныг ярив. Хүүхэд нь дутуу төрсөн учир хөхийг нь амлуулалгүй инкубаторт байлгаж байсан аж. Ингээд зургаа хоногийн дараа буюу өнгөрсөн сарын 31-нд бие нь гэнэт муудаж Г.Оюунсувд өөд болсон байна. Талийгаач нөхөртөө мэс ажилбарт орсны дараа өдрөөс эхэлж дотор нь давчдаад хэвтэж болохгүй байгаагаа ярьж байсан аж. Ээлжийн эмч нарт хэлэхээр "Битгий маяглаад бай. Зүгээр байна. Мэс засалд орсон хүн угаасаа ингэнэ ш дээ" гээд олигтой үзэхгүй байсан тухай ч ярьжээ. Талийгаач эмэгтэйг юуны учир амиа алдах болсныг задлан шинжилгээгээр тогтоожээ. Задлан хийсэн эмч нар талийгаачийг "Эхээс төрөхдөө цоорхой зүрхтэй байсан бөгөөд элэг нь устсан байна. Энэ нь амиа алдах шалтгаан болжээ" гэх дүгнэлт гаргасан байна. Энэ талаар талийгаачийн ээж Н.Нарангэрэлтэй ярилцлаа. -Эмч нарын буруугаас болоод таны охин амиа алдсан бололтой. Зүрхний өвчтэй гэдгийг мэдээгүй хэрэг үү? -Харин гайхаад л сууж байна. Өмнө нь зүрх өвдлөө энэ тэр гэж огт хэлдэггүй байсан. Харин багадаа шарлаж байсан нь үнэн. Манай эрүүл мэндийн салбарын гаж тогтолцоо байна. Задлан шинжээч үнэн хэлсэн бол тийм айхтар өвчтэй байгаа хүүхдийг хүүхэд гаргаж болохгүй гэдгийг оношлоод гаргаад ирэх байсан. Найман удаа нарийвчилсан шинжилгээ авсан байдаг. Энэ бүгдээс ямар ч өөрчлөлт байхгүй гэсэн хариулт гарч ирсэн байна лээ. Бие нь хүндрээд байхад оношилгоо хийлгүй өмнөх шинжилгээг хараад л эмчилгээ хийхгүй байснаас ийм байдалд хүрч сайхан охиноо залуугаар нь алдчихлаа. Хэрэв зүрх, элэгний өвчтэй, цус багадалттай хүүхэд гаргах боломжгүй гэдгийг эрт мэдсэн бол, баярын өдөр таарч эмч нар ажилдаа хайнга хандаагүй бол охин минь амьд байх байсан ч юм билүү. Эрүүл мэндийн салбар ямаршуухан ажиллаж байгааг миний охин амиараа хэлээд өглөө. Хүүхдээрээ амьтан энэ хорвоод ээж болсон ч гэсэн төрүүлсэн нялх үрдээ ангир уургаа амсуулж чадсангүй. -Амьсгал хураах үед нь ямар нэгэн эмчилгээ хийсэн байна уу. Та нар шалгасан уу? -Уг нь хийсэн юм билээ. Зургаан удаагийн шинжилгээгээр эрүүл гэсэн болохоор зүрхэнд нь эмчилгээ огт хийгээгүй. Эмч нар бүх шинжилгээг нарийн хийгээгүй, өмнөх хариунуудад найдсанаас болсон гэж үзэж байна. Төрж байгаа ялангуяа кесаревогоор төрж байгаа хүний эд, эрхтнийг хэвийн ажиллаж байгаа эсэхийг нарийвчлан шинжилж, оношилдог баймаар юм. Гэтэл охиныг маань лав тэгсэнгүй. Бид мөнгө төгрөг муутай болохоор эмч нарын гарыг хүндрүүлж чадаагүй юм. Хэрэв гарыг нь бага ч гэсэн хүндрүулсэн бол охинд минь илүү анхаарал хандуулж, амьд байх байсан ч юм билүү гэж бодохоос өр эмтэрч сууна хэмээн ярив. Талийгаач эмэгтэйг хөдөөлүүлжээ. Охиныг нь эмнэлгээс гаргасан байв. Охины аав Түвшинбат "Эмч нар цалин авах гэж биш, иргэдийг эдгээдэг, ажилдаа үнэн сэтгэлээр ханддаг мэргэжилтнээр цус сэлбэх цаг нь ирснийг эхнэрийн маань үхэл гэрчилж өглөө. Мөн авлига өгөөгүй нэгнийг анхаарлын гадна орхигдуулдаг эмнэлгийн салбарынхны үнэн дүр төрх илэрлээ. Өч төчнөөн мянган төгрөгөөр шинжилгээ, оношилгоо хийдэг багаж, төхөөрөмжүүд нь худлаа онош гаргадаг гэдгийг гэрчиллээ" хэмээн ярьж байсан юм.
Бичсэн: ervvl zuw amidral | цаг: 15:58 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax